“Stratfor” тагнуулын компанийн нууцыг “WikiLeaks” дэлгэлээ

“Stratfor” бол хувийн тагнуулын компани бөгөөд АНУ-ын Техас мужийн Остинд байрладаг. 1996 онд байгуулагдсан тус байгууллага тагнуул хийх, анализ гаргах, геополитикийн мэдээллийн товхимол хэвлэх, захиалгаар судалгаа явуулах зэрэг ажил гүйцэтгэдэг аж. 70 ажилтантай “Stratfor”-ыг зарим нь АНУ-ын сүүдрийн Тагнуулын төв газар /ТТГ/ гэдэг.
Тус байгууллага дэлхий даяар мэдээллийг нээлттэй эх сурвалжаас болон тагнуул хийх замаар цуглуулдаг. “Stratfor”-ын үйлчлүүлэгчдийн дунд том корпорациуд, АНУ болон бусад орны Засгийн газрын байгууллагууд бий. Жишээлбэл, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яам, Америкийн тэнгисийн явган цэргийн корпус болон “Lockheed Martin”, “Northrop Grumman”, “Raytheon” зэрэг корпораци. “Stratfor” компани зарим мэдээллээ ил тод нийтэлдэг ч ихэнхийг нь нууцалдаг гэнэ.
Энэ талаар “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж “Stratfor бол хувийн тагнуулын фирм. Тэд АНУ-ын Засгийн газрын болон гадаадын сэжигтэй тусгай албад, сэтгүүлчдийн мэдээлэлд тулгуурлан ажлаа гүйцэтгэдэг. Гэтэл одоо тэд хүний эрхийн байгууллагуудын идэвхтнүүдийг шалгаж байгаа нь бидний санааг түгшээж байна” хэмээн мэдэгджээ. Дашрамд дурдахад 40 настай Ассанж одоо Их Британид гэрийн хорионд байгаа билээ.
“WikiLeaks” сайт тус компанийн ажилтнуудын бие биедээ бичсэн захиаг судлаад “Stratfor”-ын ажиллах зарчмыг мэдэж авсан төдийгүй тагнуулын сүлжээг илрүүлжээ. Тухайлбал, АНУ-ын Төрийн департаментад ажилладаг “Геронимо” хочит мэдээлэгч сар тутам 1200 долларын цалин авдаг аж. “Stratfor”-ын тэргүүн Жорж Фридман, “Goldman Sachs” банкны гүйцэтгэх захирал Шиа Моренс нар 2009 онд “сүүдрийн ТТГ”-ын мэдээг арилжааны сонирхлоор ашиглахаар төлөвлөж байсан гэнэ. Моренс дөрвөн сая гаруй долларыг “Stratfor”-д хөрөнгө оруулсны ачаар захирлуудын зөвлөлд багтсан юм байна. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар нь “WikiLeaks” сайт болон Жулиан Ассанж руу довтлох төлөвлөгөө боловсруулж байсан нь илэрчээ.
“WikiLeaks” сайт дээрх нууц баримтуудын эх сурвалжаа нэрлээгүй. Гэхдээ зарим нь эдгээрийг хакеруудын хулгайлсан баримтууд гэжээ. 2011 оны 12 дугаар сард хакерууд “Stratfor” компанийн компьютерүүдэд халдсан бөгөөд уг хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байна. Эх сурвалж Өглөөний сонин