Путин Ерөнхийлөгч болно
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр буюу ням гарагт болж, тус улсын Ерөнхий сайдын алба хашиж буй Владимир Путин энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсныг зарлажээ.
Тэрбээр энэхүү баярт мэдээгээ одоогийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон 1000 гаруй дэмжигчийнхээ хамт Кремлийн ордны гадна талбайд тэмдэглэсэн байна. “Бид хамтдаа энэ сонгуульд яллаа. Сонгогчид та бүхнийхээ итгэлээр бид ялалт байгуулсандаа баяртай байна. Бид нээлттэй, шударга өрсөлдөөнд яллаа” гэж Путин нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хэлжээ.
Тэрбээр ийнхүү Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гурав дахь удаагаа эдлэх эрхтэй болж, Кремль дэх Ерөнхийлөгчийн зөөлөн сэнтийд дахин залрах болов. Хэдийгээр сонгуулийн санал тоолох ажил дуусаагүй байхад В.Путин ялалтаа тунхагласан ч санал асуулга болоод урьдчилсан дүнгээр тэр нийт сонгогчдын 60 орчим хувийн санал авчээ. Тэрбээр нээлттэй бөгөөд шударга өрсөлдөөнд яллаа хэмээсэн байна.
ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ, “Манай намын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс ялалт байгууллаа. Бид энэ сонгуульд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Энэ ялалтад хүн бүрийн хүчин чармайлт ихээхэн хэрэгтэй байсан” гэж ярьжээ.
Сонгуулийн өмнөхөн Путиныг эсэргүүцсэн олон жагсаал цуглаан гарч байсан. Харин түүний өрсөлдөгчдийн зүгээс сонгуулийн үйл ажиллагаанд луйвар орсон хэмээн үзэж, олон тооны сонгогчид нэгээс олон санал өгсөн гэж үзэж буй ажээ. Тэдний зүгээс өнөөдөр Москва хотод массыг хамарсан томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа хэдийнэ зарлаад байна.
Цагийн 11 бүсэд хуваагддаг ОХУ-ын сонгуулийн хэсгүүдийн талаас их хувийнх нь саналыг тоолж дууссаны дараа Сонгуулийн хорооноос урьдчилсан дүнг мэдээлсэн бөгөөд түүгээр Владимир Путин 64 гаруй хувийн санал авсан гэжээ. Харин түүний гол өрсөлдөгч гэгдэж байсан Геннадий Зюганов 17 орчим хувийн дэмжлэг авсан аж. Харин нөгөө гурван өрсөлдөгчийн саналын тухайд ганц оронтой тоонд багтах гэнэ.Ямартаа ч Оросын төрийн тэргүүнээр 2000-2008 онд 2 удаа сонгогдож байсан Путин дахин тус улсыг тэргүүлэх боллоо. Тэрбээр энэ удаагийн сонгуулиар шинэчлэлд чиглэсэн эдийн засгийг хөгжүүлж, ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшүүлэн улс төрийн тогтвортой байдлыг бий болгоно гэсэн амлалт өгчээ. Үүнээс гадна Оросын зэвсэгт хүчинд шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдэж байсан юм.